Өнөөдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны 100 хүүхдийн хүчин чадал бүхий цэцэрлэгийн барилга, 9 дүгээр хорооны 320 хүүхдийн чадал бүхий сургуулийн барилгын өргөтгөлийн ажлын шав тавьж, барилгын ажлыг эхлүүллээ.
Ерөнхий боловсролын 114 дүгээр сургууль нь 1500 гаруй сурагчидтай, 3 ээлжээр хичээллэж байгаа юм. Сургуулийн өргөтгөлийн ажлыг 2019 оны 12 дугаар сард багтаан хүлээлгэн өгөх ба 2019-2020 оны хичээлийн жилд 2 ээлжинд шилжин хичээллэх боломж бүрдэж байна.
Сургуулийн өргөтгөл 1 тэрбум 500 сая төгрөг, 49 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл 1 тэрбум 200 сая төгрөгийн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах юм.
Цаашид Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Буянт-Ухаа 2 хороолол”-д 1200 хүүхдийн хүчин чадалтай сургууль, 280 хүүхдийн цэцэрлэг барих, 9 дүгээр хорооны эцсийн буудлаас 21 дүгээр гудамж хүртэлх 2,8 км авто зам, Морингийн давааны хатуу хучилттай 1,2 км авто замын засварын ажил, Ахмад залуучуудын хөгжлийн төв, 36 ортой Сэргээн засах төв барилгын ажлуудыг эхлүүлэхээр ажиллаж байна.