Холбоо барих

Шинэ түүхийн харилцаа Новосибирскийн цасан өвлөөс эхэллээ.

Шинэ түүхийн харилцаа Новосибирскийн цасан өвлөөс эхэллээ.
Тэд их баяртай байлаа. Оюутан цагийн гэгээн дурсамжууд нь сэргэж, Орос оронд сурч байсан үеүд нь нүдэнд нь илхэн харагдсан юм. Хоолыг нь амтархан идэж, орос хэлээр ус цас шиг ярьж, орос дуу аялан сэтгэл нь гэгэлзэн яваа монголчуудыг харахад надад сайхан санагдаж байсан. Эгээ л эх орондоо ирсэн юм шиг тийм л дотно уур амьсгалыг хэдэн өдрийн турш ОХУ-ын Новосибирск хотод харсан юм. 
 
Сибирийн төв Новосибирскт өвөл хэдийнэ айлчилжээ. Модод цагаахан өмсгөлөө өмсөж, иргэд нь дулаан хувцсандаа оржээ. “Гадаа хүйтэн ч бидний сэтгэл нартай байна”. Новосибирскт  айлчилсан монголчуудын зорилго, хүсэл эрмэлзлэлийг бүрэн илэрхийлэх, цаашилбал хоёр орны харилцаанд шинэ хуудас нээх төдийгүй дотно харилцааг эргэн санагалзсан энэ үгийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Новосибирскийн  ард иргэдэд хандан хэлсэн юм.
 
“Монгол, Оросын хамтын ажиллагаа- 2016, эдийн засгийн форум” 10-р сарын 27-30-ны хооронд Новосибирск хотод боллоо. Энэхүү арга хэмжээ нь хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд болж буй хамгийн том үйл явдал байв. УИХ дахь Монгол, Оросын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалангаар ахлуулсан төр, хувийн хэвшил, урлаг спортын 200 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг Сибирийн нийслэлд айлчилсан нь сүүлийн 25 жилд болоогүй томоохон арга хэмжээнд тооцогдов. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Сарангэрэл, Ж.Бат-Эрдэнэ, Д.Гантулга, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр, Хүнс, хөдөө ах ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, гадаад хэрэг, зам тээврийн яам болон Хөвсгөл, Завхан, Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн Засаг дарга нар, их дээд сургуулийн захирал, шинжлэх ухааны доктор болон бизнесмэнүүд орсон. 
 


ОХУ-ын талаас Холбооны зөвлөлийн Эдийн засгийн бодлогын хорооны нэгдүгээр орлогч дарга Калашников Сергей Вячеславович ирж оролцсон. Новосибирск хотын удирдлагуудын хувьд дөрвөн өдрийн турш монголчуудтай хамт байлаа. Тус хотын зүгээс ихээхэн сэтгэл гаргаж бэлтгэсэн нь арга хэмжээ бүрээс харагдана. Сибирь бүсийн бизнесмэнүүд ч Монголыг сонирхон, хамтарсан компани байгуулж, ажиллахыг хүсэж байгаа нь илт.

Энэхүү форумын үеэр ахан дүүгийн бус түншлэлийн шинэ харилцаагаар цааш хамтран ажиллах гэдэг санааг их ярьсан. Өнөөдөр хоёр орны удирдлагуудын айлчлал ойр ойрхон болж байгаа нь томоохон ач холбогдолтой.  Мөн дунд хугацаанд хамтран ажиллах хөтөлбөр, стратегийн харилцааны гэрээг байгуулсан байна. ОХУ руу визгүй зорчдог болсноор хоёр орны иргэдийн зорчигчдын тоо эрс нэмэгдсэн. Бүс нутгийн, улмаар Хятад, Монгол, ОХУ-ын эдийн засгийн коридор төслийг хэрэгжүүлэх зэрэг өндөр түвшинд бодлого, ажлууд явж байгаа аж. 
 
УИХ-ын дарга М.Энхболд “Новосибирскийн айлчлалаар түншлэлийн шинэ харилцааны алхмыг тавиад ирээрэй” хэмээн ажлын хэсгийн ахлагч Б.Энх-Амгаланд захижээ. Түүнийг энэ үүргээ сайн биелүүллээ гэж хамт явсан төлөөлөгчид үзэж байлаа. Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа ”Богино хугацаанд бэлтгэсэн гэхэд төр, бизнес, шинжлэх ухааны хосолсон чуулга уулзалт амжилттай боллоо. Тохиолдлын байдлаар энэ хотыг сонгоогүй байх. Новосибирск нь ОХУ-ын шинжлэх ухааны том хот. Аж үйлдвэр, шинжлэх ухаан хөгжсөн, бүс нутгийн түвшинд хамтран ажиллах, бизнес хөгжүүлэх боломжтой газар. Форумын үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна” гэв. 
 
Чуулга уулзалтын үеэр 20 заалт бүхий санамж бичигт  УИХ дахь Монгол, Оросын парламентын бүлгийн дэд дарга УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, ОХУ-ын Холбооны зөвлөлийн Эдийн засгийн бодлогын хорооны нэгдүгээр орлогч дарга Калашников Сергей Вячеславович нар гарын үсэг зурсан.

“Шинжлэх ухаан, аж үйлдвэр, эдийн засаг, бизнес, хөдөө аж ахуй, урлаг соёл, боловсрол зэрэг олон салбарт хамтран ажиллах санамж бичиг юм. Бидний ашиг сонирхол нэг цэгт огтлолцож буй учир дээрх санамж бичгийн дагуу ажлууд бодитоор хэрэгжих болно.Улмаар бизнесийн харилцааг эрчимжүүлэх, хөгжүүлэх үүднээс гаалийн татварын талаар ярилцахаар боллоо. Асуудлуудаа жагсааж бичээд эхнээс нь шийдээд явахаар тохиролцлоо. Сибирийн, Новосибирск хотын удирдлагуудтай уулзахад Монгол Улстай эдийн засаг, бизнесийн харилцаагаа сэргээх, хамтрах сонирхол их байна. Хөрш орны бизнесийн боломжууд ч бас их байна” хэмээн Б.Энх-Амгалан гишүүн онцолно лээ.
 
Улс төрийн, бизнесийн арга хэмжээнээс гадна Монголын урлаг соёлын үзүүлбэрүүдийг  сибирчүүд шагшин хүлээж авсан. “Тал нутгийн салхи” тоглолтод Орос, Монголын бүжигчид хамтран бүжсэн нь үнэхээрийн дотно харилцааг сэргээж өгөв. Мөн 10 мянган хүний суудалтай спортын ордонд Орос, Монголын тамирчдын хооронд тэмцээн зохион байгуулсан. Монголынхоо тамирчдыг МУ-ын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр ахлан оролцсон бол Оросын талаас тив дэлхийн, олимпийн аварга шилдэг тамирчид оролцсон нь тэрхүү спортын ордныг үзэгчдээр дүүргэж чаджээ.
 
“Mongolian Economy” сэтгүүл Монгол, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулсан тусгай дугаарыг 12 дугаар сард монгол, англи, орос хэлээр гаргахаар хоёр орны ЭСЯ-дуудтайгаа хамтран ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд бид Новосибирскийн форумд оролцоод одоо Москва хотноо ажиллаж байна. ОХУ-ын нийслэл цасан бударсаар угтлаа. Түүхийн шинэ харилцаа Москвагийн цастай хамт үргэлжлэн урагшлах буй заа.
 
                                                                                                   
 Д.Бэхбаяр
Москва хот
 
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл