Үндэсний бараа бүтээгдэхүүнээ Сибирийн зах зээлд гаргах боломжтой.

Хамаарах огноо: 2017-10-02 20:51

Үндэсний бараа бүтээгдэхүүнээ Сибирийн зах зээлд гаргах боломжтой.

Монгол, Орос хоёр улс түүхэн сорилтоор бэхэжсэн найрамдлын ойн өдрүүд ойрын үед тохиож, харилцаа хамтын ажилагаагаа улам бататган дуурсаж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, ОХУ-ын Төрийн Дум, Холбооны зөвлөлийн дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотноо “Монгол, Оросын хамтын ажиллагаа-2017” эдийн засгийн чуулга уулзалт боллоо.Уг чуулга уулзалтыг зохион байгуулах Монголын талын ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга, Б.Энх-Амгалантай ярилцлаа.

-“Монгол Оросын хамтын ажиллагаа-2017” эдийн засгийн чуулга уулзалт саяхан болж өнгөрлөө. Чуулга уулзалтын хүрээ хэр өргөн болов.Зохион байгуулагчдын зүгээс ямар ямар асуудлыг шийдэхийг зорьсон бэ?

-“Монгол-Оросын хамтын ажиллагаа 2017” эдийн засгийн чуулга уулзалт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ сарын 2-5-нд амжилттай болж өндөрлөлөө. Энэ сарын 03-ны өдөр “Блю скай” зочид буудалд болсон “Монгол-Оросын хамтын ажиллагаа” бизнес форумд хоёр орны 200 гаруй аж ахуйн нэгж оролцож, хамтын ажиллагааны шинэ шинэ эхлэлүүд тавигдлаа. Форумаар хөдөө аж ахуй, барилга хот байгуулалт, зам тээвэр, аялал жуулчлал, эрчим хүчний салбарын салбар хуралдаан хийж, Монгол Оросын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, ОХУ-ын Сибирь, Алс Дорнодын зах зээлд Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг гаргах, мөн аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, төмөр замын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, хилийн бүсийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг өргөжүүлэх зэрэг олон асуудлаар ярилцлаа.

Уг чуулга уулзалтад ОХУ-ын Холбооны Зөвлөлийн гишүүн, эдийн засгийн байнгын хорооны нэгдүгээр орлогч дарга С.В.Калашниковоор ахлуулсан ажлын хэсэг ирлээ. Уулзалтын хүрээнд Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Зөвлөлийн хооронд дугуй ширээний уулзалт болов. Үүний зэрэгцээ “Мишээл Экспо” төвд “ОХУ-д үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа болж, ОХУ-ын 70 гаруй аж ахуйн нэгж оролцож, Монгол Улсын хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр нь хүргэсэн. Аравдугаар сарын 1-8-нд Монголын үзэгчдийн үзэх дуртай, олны хүртээл болсон оросын хуучны болон орчин үеийн шилдэг кино бүтээлүүд МҮОНРТ-ээр үзэгчдэд хүрлээ.Мөн “Спортын төв” ордонд хоёр орны өсвөрийн гимнастикчдын хооронд “Найрамдлын цом” /Кубок дружбы/ спортын болон уран гимнастикийн тэмцээн боллоо. ОХУ-ын “Сибирские узоры”, “Дружина” хамтлаг хүрэлцэн ирж нийслэлийн “Улаанбаатар чуулга”-тай хамтарсан тоглолтоо “Соёлын төв өргөө”-нд хийлээ. Оросын ард түмний ахуй амьдрал, онцлогийг харуулсан “Вернисаж” фото зургийн үзэсгэлэн гарлаа.

Арга хэмжээний хүрээнд Новосибирск хотын захирагч А.Е.Локоть тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон нийслэлийн удирдлагуудтай уулзлаа. Мөн ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайдын зөвлөх С.О.Белецкий, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Аж үйлдвэр, худалдааны сайд А.С.Мишенин, Эрхүү мужийн Засгийн газрын Эдийн засгийн хөгжлийн сайд Е.А.Орачевский болон ОХУ-ын Бүгд найрамдах Буриад Улсын Гаалийн албаны дарга А.В.Полетаев нар хоёр талын хамтын ажиллагаа, боловсрол, соёл, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, хөрөнгө оруулалт, барилга хот байгуулалт, аялал жуулчлалын чиглэлд олон талт хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлэх талаар хэлэлцлээ.


Монгол малыг эрүүлжүүлэх, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх хэрэгтэй. Ингэж чадвал бид хоёр хөршийн зах зээлд гарах бүрэн бололцоо бий.


-Таны хувьд хоёр том зах зээлийн дунд буй Монгол Улсын эдийн засгийн гарцыг хэрхэн харж байна вэ?

-Монгол Улс мөнхийн хоёр хөрштэй. БНХАУ-ын зүүн хойд мужууд, ОХУ-ын Сибирийн зах зээлд Монголын үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг нэлээд сонирхдог.Тэнд бас хэрэглэгч нь байгаа.Энэ зах зээлд бүтээгдэхүүнээ нэвтрүүлэхийн тулд юуны түрүүнд бараа бүтээгдэхүүнээ тухайн улсын чанар стандартад нийцүүлэх шаардлагатай. Түүхий эд, мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолуур, үслэг эдлэл, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ гаргахын тулд Монгол малыг эрүүлжүүлэх, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх хэрэгтэй. Ингэж чадвал бид хоёр хөршийн зах зээлд гарах бүрэн бололцоо бий. БНХАУ-ын Хөх хот, Хянган, Манжуур, Хайлаар, Бугат, Шилийн гол гээд Өвөрмонголын гол гол хотууд, ОХУ-ын Улаан-Үүд, Иркутск, Новосибирск, Чита, Хабаровск, Красноярск зэрэг Сибирийн тойргийн мужууд цаашлаад Алс Дорнодын чиглэлд томоохон зах зээл байна.

Монгол, Оросын харилцаа сүүлийн гурван жилд нэлээд идэвхэжлээ. Ялангуяа, ОХУ-ын Сибирийн бүс нутгийн мужууд болон Монгол Улсын аймгуудын хооронд шууд харилцаа идэвхжиж байгааг онцолмоор байна. Зөвхөн 2015 онд Монгол Улсаас 450 мянган хүн Улаан-Үүд, Байгалийн чиглэлд янз бүрийн ажлаар жуулчилсан байна. Эргээд Улаан-Үүд, Эрхүү, Байгалийн чиглэлээс манайд аялагчдын тоо нэмэгдсэн. Хоёр орны жуулчдын тоо нэмэгдэж, Монголд ирсэн жуулчид ОХУ-д аялах, ОХУ-д ирсэн жуулчид Монголоор аялах тоо мөн нэмэгдэж байна. Тэгэхээр энэ урсгалыг зөв зохицуулах, тогтмолжуулах, шинэ шинэ аялал жуулчлалын бүтээгдэхүүн санал болгох, цаашлаад Орос-Монгол-Хятад, Хятад-Монгол-Орос гэсэн шинэ чиглэлүүд бий болгоход анхаарах нь бүс нутгийн харилцааны маш том асуудал. Үүний дараа Уралын нуруу давж европ хүрэх, Төв Азийг дайран Зүүн Өмнөд Ази, далайн чанадад гарч, өөр зах зээлийг судлах тухай шат дараатай ярих нь чухал. Товчхондоо, эхлээд хоёр хөршийнхөө багтаамжтай зах зээл дээр ажиллах ёстой гэж боддог.

-Хоёр хөршийн улс төр, эдийн засгийн бодлогыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Бид сүүлийн 25 жилд Хятад улстай харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлж ирснээр Хятад улс манай гадаад худалдааны хамгийн том түнш болсон. Монголын уул уурхайн олон төрлийн бүтээгдэхүүн Хятадын хурдацтай хөгжиж байгаа зах зээл дээр зарагдаж байна.Харин ОХУ-тай цөөн тооны нэр төрлийн (газрын тосны бүтээгдэхүүн, цахилгаан гэх мэт) уламжлалт барааны худалдаа хийхээс өргөн цар хүрээтэй хамтын ажиллагааг хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэх бодит боломж ч байгаагүй гэж хэлж болно. Хоёр хөрштэйгөө сайн хөршийн харилцааг эн тэнцүү хөгжүүлэх, гадаад худалдааг тэнцвэржүүлэх шаардлага Монгол Улсад байна.

БНХАУ-ын дэвшүүлсэн “Нэг бүс, нэг зам”, ОХУ-ын дэвшүүлсэн “Цайны зам” санаачилга, Монгол Улсын дэвшүүлсэн “Талын Зам” санаачилгуудыг хамтад нь хөгжүүлэхийг гурван тал зорьж байна. Газар зүйн байрлалын хувьд Монгол Улс бүс нутгийн харилцаанд идэвхтэй оролцох боломжийг бүрэн ашиглах шаардлагатай гэж бодож байгаа.

Үүнээс гадна хоёр хөрш орон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, БРИКС гэх мэт бүс нутгийн байгууллагуудын хүрээнд идэвхтэй хамтын ажиллагаа хөгжүүлж, Зүүн Азийн бүсийн дэлхийн хөгжил, аюулгүй байдалд гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлж байна. БНХАУ, ОХУ хоёр улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааг хоёр улсын түвшинд, бүс нутгийн түвшинд иймэрхүү далайцтай хөгжүүлж байгаа нь Монголын хувьд том боломж гэж дүгнэж байна. Зөвхөн нэг жишээ дурьдахад, хоёр улсын хоорондын ачаа эргэлт жилд 10 сая тоннд хүрч байна. Үүнээс зөвхөн нэг саяыг нь Монгол Улсын нутгаар транзитаар тээвэрлэхэд л эдийн засагт том үр нөлөө авчирна, цаашлаад улам нэмэгдүүлэх бодлого барих нь зүйтэй.Монголын төмөр зам, авто замын салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлагатай.Өнөөдөр энэ хоёр улсын хооронд ачаа тээвэрлэхэд Алс Дорнодоор 40 орчим хонож байна.Казакстанаар дамжихад 30 гаруй хононо.Харин Монголоор дамжин өнгөрөхөд долоохон хоногийн дотор гаргаад явуулна.Гурван улсын эдийн засгийн коридор байгуулах төсөл гурван улсын төр, засгийн хэмжээнд яригдаж байна.Энэ зорилтыг хэрэгжүүлж чадвал бид транзит тээврийн урсгалаас эдийн засгаа дэмжсэн урсгал бий болгоно.Зам дагасан хөгжил бий болно.Мөн олон үйлчилгээ хөгжиж эдийн засаг тэлнэ.Бид хаа холын зах зээлээс эрэлгүйгээр, байгаа боломждоо түшиглэвэл Монголд маш том давуу талууд бий.

-Монголын газар нутгаар дамжин тээвэрлэлт хийх асуудлыг ажил хэрэг болгохын тулд юу хийх вэ?

-Хоёр талын, гурван талын дээд хэмжээний уулзалт, Засгийн газар хоорондын комиссын хуралдааны шийдвэрт тусгуулж, байнга ярьж ахиулж, ажил хэрэг болгох хэрэгтэй. Хамгийн богино гарц бол Монголын нутгаар дайрах гарц гэдгийг бид ойлгуулах нь чухал байна.Амаар ярих биш ажил хэрэг болгох нь чухал.

-Монгол, Оросын харилцаа сүүлийн жилүүдэд нэлээд өөр болж ирж байна.

-Тийм ээ. Оросын тал манайд маш нааштай хандаж байгаа. Уг нь хуучны найрамдалт ах дүүс гэдэг ойлголт ард түмний маань дунд одоо ч байгаа хэвээр. ОХУ Монгол Улстай түүхэн уламжлалт харилцаатай. Дайны хүнд, хэцүү цаг үед Монгол Улс ОХУ-тай эцсийг нь хүртэл хамт байсан.Манай цаг үе хүнд байхад тэд ч бас хамт байсан. Түүхэнд ах дүүс гэдгээр бичигдсэн. Дэлхийн хоёр дугаар дайны дараах хүндхэн он жилүүдэд Монголын аж үйлдвэрийн суурийг тавихад ОХУ-ын оруулсан хувь нэмрийг Монголын ард түмэн мартаагүй. Өнгөрсөн зуны 90-ээд онд ОХУ-д өрнөсөн өөрчлөн байгуулалт бөгөөд дараах жилүүдэд тулгарсан эдийн засгийн хүндрэлтэй үед хоёр орны бүх талын харилцаа зогсонги байдалд орсон. Харин ОХУ-ын эдийн засаг нь сэргэж байгаа өнөө үед хоёр улсын харилцаа сэргэж хурдацтай өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр гадаад харилцаагаа эдийн засагжуулах бодлогыг түлхүү барих хэрэгтэй.

-Өнөөдрийн Монголын эдийн засаг, бизнесийн орчин нэлээд хүнд байна.Цаашдын гарцыг та юу гэж харж байна вэ?


Хоёр улсын хоорондын ачаа эргэлт жилд 10 сая тоннд хүрч байна. Үүнээс зөвхөн нэг саяыг нь Монгол Улсын нутгаар транзитаар тээвэрлэхэд л эдийн засагт том үр нөлөө авчирна, цаашлаад улам нэмэгдүүлэх бодлого барих нь зүйтэй.


-Засаглалын маш том алдаа гаргаад байна. Бидэнд мөнгө байсан уу гэвэл байсан. Баялаг ч байна. Түүнийгээ байнга шуналын нүдээр харж, хувь улс төрчдийн баяжих арга, гадны доншуур наймаачдын ашиг сонирхлыг хамгаалагч болж ирснээс бид баялагтай хэрнээ ашиг авдаггүй, хуультай хирнээ эх орныхоо байгалийг харсаар байж нүдэн дээрээ сүйрүүлээд сууж байна. Дээр нь улс төр, эдийн засгийн зөрчилтэй бүлэглэлийн сүлжээ, шахааны бизнестээ гаршсан, 10 төгрөгийн үнэтэй барааг 1000 төгрөгөөр худалдаж аваад байгаа болохоор, нэг км зам тавих өртгийг гэрээний үнээсээ даруй 5-6 дахин өсгөөд байхаар улс орон дампууралгүй яах вэ дээ.

Ийм л үрэлгэн зан нь эргээд Монгол орныг өрийн том сүлжээнд оруулчихлаа.Үүнээс гарах гарцаа бид Олон улсын валютын сан, дэлхийн хамтын нийгэмлэгийн байгууллага гэж харж байгаа.Зөв.Гэхдээ тэднээс тавьж байгаа шаардлагууд нь эдийн засгийн хүндрэлийг эргээд ард иргэдэд нь үүрүүлэх, бизнес эрхлэгчдэд нь дарамт учруулахуйц байж боломгүй байгаа юм.Нөгөө луйвар хийсэн, татвараас зугтсан гадна дотнын этгээдүүдэд хариуцлага тооцох, эргэж нөхөн төлүүлэх юу болов?Оффшор яав?Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг төгрөгийн ханшийн уналт гүйцэхгүй байна.Үүн дээр тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлс, шагнал урамшуулал бүгд хасагдахаар юу болох вэ? Бодох л асуудал....

Нөгөө талаар эргээд цахилгаан, шатахууны үнийг чөлөөлөх асуудал ярьж болохгүй. Энэ бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлж байгаа юм. Иймээс бид эдийн засгийн өөр гарцуудыг хайх ёстой. Өөр ямар эх үүсвэр байж болох вэ. Бид өөрийнхөө бараа бүтээгдэхүүнийг түүхийгээр нь биш, хэрхэн яаж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож гаргах вэ.Монгол хүний дархлааг яаж сайжруулах вэ. Эрүүл, бүтээлч монгол хүнийг яаж бий болгох вэ.

Монголын төлөө монгол хүн л явна. Үүнийгээ хийхийн тулд бид нийгмийн цогц арга хэмжээ авах хэрэгтэй. Үүний төлөө явах ёстой. Хууль эрх зүйн орчноо өөрчлөх ёстой. Бид ОХУ-аас харилцан ашигтай төслүүдийг хэрэгжүүлэхэд санхүүгийн эх үүсвэр татах бололцоотой. Мөн урд хөршөөс бидэнд амласан зээлийн эх үүсвэрүүд бий. Зөв зүйлд зарцуулах ёстой. Ашигтай, эргээд мөнгө болдог зүйлд заръя. Эргээд ашгаа өгдөггүй зам руу одоохондоо хийж болохгүй.

-Шинэ Засгийн газар гарч ирэхэд дэмжсэн хүний нэг, та.

-Бид явж ирсэн системээ шинэчлэх, шударга ёс тогтоохын төлөө явж байгаа. Би итгэлтэй байна. Шинэ Засгийн газрыг үүнийг хийж чадаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Шударга ёс, хариуцлага, хуулийн хэрэгжилт ус агаар мэт хэрэгтэй байгааг ард түмэн хүссэн.Төрийн өмч төрдөө, түмэн олондоо жинхэнэ утгаараа очих ёстой.

-Хамгийн түрүүнд хийх ёстой ажлыг нь та юу гэж харж байна вэ?

-Танхимаа байгуулах. Танхимаа яаж байгуулахаас л эхэлнэ. Дараа нь энэ нурчихсан эдийн засгаа, өвчтэй болсон нийгмээ, ядарсан ард түмнээ, “завхарсан” хуулийн системээ цэгцлэх ёстой. Төрийг хувийн компани болгосон хүмүүст хариуг нь барих учиртай. Хүн ардаа ажлын байртай болгох, байгаль орчноо нөхөн сэргээх, малаа эрүүлжүүлэх, эх орны хөрсөнд ургасан генийн өөрчлөлтгүй эрүүл хүнсээр ард иргэдээ хангах, боловсрол, эрүүл мэндийн салбарт томоохон өөрчлөлт хийх гээд ажлууд шил шилээ дараад л хүлээж байна шүү дээ.



Үүсгэсэн: 2017-12-22 20:51

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..